Орон сууцны урьдчилгааны 50 хувийг буцалтгүй тусламжаар олгох уу?

Нийслэлийн харъяа төрийн албанд ажиллаж буй албан хаагчид болон голч орлогоос доогуур орлоготой иргэдэд орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хүртэл хувь дээр нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дэмжлэг үзүүлэх талаар журам боловсруулж байгаа тухай мэдээллийг манай сайт хүргэсэн билээ.

Уг журмын төслийг НИТХ-аар хэлэлцэх гэж байгаа тухай мэдээллийг цагаан сарын өмнөхөн холбогдох хэвлэлийн албанаас нь өгч байсан юм.

 

Журмын төсөл хурлаар орсон эсэх талаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаас тодруулахад:

"Энэ асуудал НИТХ-аар ороогүй. Харин Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн Хурлаар орж дэмжлэг авсан. Ирэх 3 дугаар сард НИТХ-ын ээлжит хуралдаанаар орох юм. Журам НИТХ-аар хэлэлцэгдэж батлагдсан гэх буруу ташаа мэдээлэл хэвлэлүүдээр гараад байгаа бололтой” хэмээн хариуллаа.

 

Хэдийгээр журам батлагдаагүй байгаа ч төсөлд тусгаад байгаа зарим заалтыг эх сурвалжаас авснаа хүргэе.

- "Хэрэв тухайн төрийн албан хаагч урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 50 хувиа өөрөө хариуцах боломжтой бол тодорхой шалгуурын дагуу ур чадвар, ажилласан жил зэргийг нь харгалзан үзэж худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нэг удаа буцалтгүй тусламжаар олгоно. Энэ хүрээнд Нийслэлийн Орон Сууцны Байгууллага, арилжааны банк, төрийн албан хаагч гурвалсан гэрээ байгуулна. Гэрээний нөхцөл зөрчигдвөл буцалтгүй тусламжаар олгосон мөнгийг эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авна” гэж төсөлд тусгажээ.

Тэрчлэн орон сууц худалдан авч буй иргэн нь заавал анхны орон сууцаа худалдан авч байгаа тохиолдолд хамруулна гэх зэргээр хатуу шалгуур тавиагүй бөгөөд ипотекийн зээлийн үндсэн шалгуурыг хангаж байхаар тусгасан гэнэ.

Журам 3 дугаар сард НИТХ-аар орж батлагдвал шаардлага хангасан иргэд нийслэлээс дэмжлэг авч, зээлд хамрагдан энэ 4 дүгээр сараас ашиглалтанд орох гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн орон сууцнуудаас худалдан авах боломжтой болох нь.

Цаашдаа дахин төлөвлөлтийн төслийн орон сууцнуудаас гадна Авто Худалдааны Цогцолбор орчимд баригдаж ашиглалтанд орох орон сууцнуудыг ч хамруулахаар төлөвлөжээ.

Дахин төлөвлөлтийн төслийн орон сууцанд орох сонирхолтой эсэх талаар нь зарим салбарын албан хаагчдын дунд судалгаа явуулсан байна.

Жишээ нь: Нийслэлийн Боловсролын Газраас 11000 гаруй багш, ажилчдынхаа дунд судалгаа явуулахад 79 хувь нь дахин төлөвлөлтийн төслийн орон сууцанд ороход асуудалгүй гэжээ.

79 хувь дотроо:

57 хувь нь: Урьдчилгаа төлбөрийн 10 хувийг төлж чадна,

8 хувь нь: Урьдчилгаа төлбөрийн 20 хувийг төлж чадна,

4 хувь нь: Урьдчилгаа төлбөрийн 30 хувийг төлж чадна,

31 хувь нь: Ямар ч бололцоогүй, гэхдээ орон сууцанд ормоор байна

гэсэн хариулт өгчээ.