Дундаж орлоготой өрхөд орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай

АНУ болон Канад улсад өрхийн орлогын 30 хувиас хэтрэхгүй зардлыг орон сууцны төлбөрт зарцуулж байвал төлбөрийн чадварт нийцсэнд тооцдог байна. Өөрөөр хэлбэл сарын орлогын 30-аас дээш хувийг орон сууцны үнэд төлж байвал тухайн орон сууцыг өрхийн төлбөрийн чадварт нийцээгүй гэж үздэг байна. 2005 оноос хойш БНХАУ-ын орон сууцны үнэ, төлбөрийн чадварын зөрүү өндөр болж байгааг албаныхан мэдээлж байлаа. Тиймээс тус улс төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх болжээ. Энэхүү хөтөлбөр нь бага, дунд орлоготой иргэдийн төлбөрийн чадавхид суурилан 60-100 ам метр орон сууцыг зах зээлийн үнээс 50-70 хувиар бага үнээр санал болгох зорилготой юм байна. Харин Монгол Улсын хувьд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Дэлхийн банк, АНУ-ын Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн институцитай хамтран энэ чиглэлээр судалгаа хийж, нэгдүгээр сард сүүлийн шатны хэлэлцүүлгээ хийсэн юм. Судалгаагаар дунджаар сая төгрөгөөс доош орлоготой өрхөд орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Одоогоор Улаанбаатар хотын нийт хүн амын 50-иас дээш хувь нь гэр хороололд амьдарч байгаа нь төлбөрийн чадварт нийцсэн орон сууц барих асуудлыг бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх хэрэгтэйг баталж байгаа ажээ. АНУ-ын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн институцийн судалгаагаар микро орон сууцыг олноор бий болгох нь төлбөрийн чадварт нийцүүлэх хамгийн эхний алхам гэдгийг онцолсон байна. Тухайлбал хоёр ам бүлтэй өрх хамгийн багадаа 27.8 ам метр талбай бүхий орон сууцанд амьдрах боломжтойг судалгаагаар баталжээ. Харин Хонгконг нь төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Тус улс нэг өрхөд ногдох талбай нь дунджаар 40 ам метр бүхий олон давхар орон сууцыг олноор нийлүүлэх бодлого баримталснаар орон сууцжуулах хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлсэн туршлагатай ажээ.